Sunday, January 21, 2018

                                                          Ёс зүй
Аристотель анх “этик” гэдэг үгийг хэрэглэсэн. Ёс зүй нь философийн нэг бүрэлдэхүүн. Харин “ёс суртахуун”, “зан суртахуун” гэдэг нэр томьёонууд нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын явц дахь хэм хэмжээний цогц. Ёс зүй нь ёс суртахууныг судлах зүйлээ болгодог философийн бүрэлдэхүүн.
Ёс зүйн сургаалийн үүсэл, хөгжил: Эртний Энэтхэгт үүссэн буддизмийн номлолд жаргах юмуу зовох нь хүмүүсийн үйлсээс л болдог. Буян үйлдэж зөв сэтгэж явбаас энэ насандаа жаргаж бас хойт насандаа ч сайн сайхныг эдэлнэ. Жаргал нь буянт үйлийн үр дүн, зовлон нь бүтэлгүй үйлийн үр дүн гэдэг. Мөн хайрын тухай сэдэв буддист ёс суртахуунд чухал байр суурь эзэлдэг. Буддист ёс суртахууны үүднээс “хамаг амьтан” гэсэн агуулгаар сэтгэх нь зүй гэж үздэг. Амьтан болгоныг эрхэмлэн дээдэлж, туслахыг эрхэмлэх нь хүссэндээ хүрэх үндсэн нөхцөл мөн гэдэг. Ийнхүү буддизмын үүднээс хандвал ёс суртахуунлаг явъя гэвэл сэтгэлээ засаж ариусгах ёстой.
Эртний Хятад дахь ёс зүйн сутгаалиуд: Орчин үеийн ёс зүй дэх “үүрэг”, “хариуцлага” зэрэг категорийн агуулгыг ямар нэг байдлаар санагдуулах хоёр ойлголт Кунзийн сургаалд байдаг. Энэ нь 1. Нэрийг залруулахуй   2. Жэнь \хүн ёс\
Шударга ёс- И, ашиг олз- Ли,  Хариуцлагын мөн чанар нь бусдыг хайрлах \жэнь\-д оршино. Бусдыг үнэхээр хайрладаг хүн нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж чадна. Кун-з жун - бусдад үнэнч байх зарчим.  Кун- з шү – сөрөг талын тухай өгүүлэхдээ “өөртөө тохиолдохыг хүсэхгүй байгаагаа бусдад бүү үйлд” гэж заажээ.
Эртний Грекүүдийн ёс зүйн сургаалууд: Сократ: хүнй амьдралын утга учир бол жаргал мөн гэжээ. Түүний ийм үзэл нь “эвдемонизм” \жаргал\-ын эхлэл болсон гэдэг. Түүний ярьж буй жаргал бол эд хөрөнгө, эрх эдэл, зугаа цэнгэл биш, ухаан саруул, буян заяатай тийм ахуй юм. Жаргал бол сайн үйлтэй гарцаагүй холбогддог гэж Сократ үзэхдээ цэцэн, эрэлхэг зориг, төлөв зан, шударга ёс гэсэн 4 үндсэн сайн үйлийг онцолдог байжээ. Эртний Грект ёс зүйн янз бүрийн үзлийг системчлэх анхны оролдлогыг Платон гаргажээ: Эрх баригч нар- цэцэн, цэргийнхэн- эр зоригтой, доод давхрааныхан- төлөвхөн байх ёстой. Улс орон дахь улс төрйн болон ёс суртахууны ийм чанд шатлалын хүчээр шударга ёс тогтоно гэж үзсэн байна. Эртний Грекийн ёс зүйн хөгжлийн оргилыг Аристотель боловсруулжээ. Этик – ёс зүй. Арестотелийн бичсэн “Никомахын этик” гэдэг ном бол ёс зүйн онолын нэг чухал эх сурвалж болж иржээ. Этик нь  зан суртахууны тухай практик шинжлэх ухаан гэж үзээд этикийн зорилго бол яавал сайн үйл бүхий \жаргалтай\ байхыг хүмүүст сургахад оршино гэжээ.
Дундад зууны европ дахь христос шашны ёс зүй: энэ ёс зүйн үзэл санаа сэтгэл зүйн үндэс нь Библид нээсэн Есүсийн хайр мөн. Библид өгүүлснээр  Есүс Христ бол жинхэнэ бурхан тэнгэр, гэвч үүний хамт хүний амьдралаар амьдарсан жинхэнэ хүн мөн. Христос шашны ёс суртахууны нэн чухал шаардлагуудаас дурдахад: бүтээгч бурхан тэнгэрт чин үнэнч бөгөөд хайртай байх, эцэг эхээ хүнднлднг байх, хүн алдаггүй байх, үл завхайрах, хулгай үл хийх, хөршийнхөө эсрэг худал гэрчилдэггүй байх, үл шунахайрах гэх мэт мөн.
Ислам шашны ёс зүй: энэ шашны ёс суртахууны сургаалийн цөм хэсэг нь Коран сударт байдаг. Ислам шашныг үндэслэгч Мухамед \570-632\ дараах үзэл санаа, зан үйлийг сурталчилсан нь ислам шашны ёс суртахууны үндэс болжээ. Үүнд: Бурхан тэнгэр янз бүр, олон биш нэг л тэнгэр бий бөгөөд тэр нь Аллах мөн. Түүний үзлээр :
Жилд нэг удаа тогтсон тодорхой сард мацаг\саум\ барих, эд хөрөнгө орлогоосоо татвар төлөх \закят\, сайн дураар өглөг өгч буян үйлдэх \садака\, жилд нэг удаа тодорхой хугацаанд Меккад очиж их мөргөл \хаж\ үйлдэхийг ислам шашны зан үйл, мусульманчуудын ариун үүрэг болгон тогтоосон байна. Коран сударт онцлон зааж хатуу цээрлэсэн 12 хүнд нүгэл нь: 1. Аллахаас өөр бурхан тэнгэр бий хэмээн үзэж шүтэх.      2. Хүн алах  3. Бусдыг хилс гүтгэх, нэр хүндийг нь доромжлох 4. Авааль эхнэр нэхрээс ээр хүнтэй нөхцөх 5. Шашны төлөө ариун дайнаас зугатах 6. Ер бусын ид шидэнд итгэж бусдыг болон өөрийгөө мунхруулах 7. Өнчин хүүхдийн мал, эд хөрөнгийг завших 8. Эцэг эхийг сөхж эсэргүүцэх, гомдоох, загнаж зандрах 9. Сүм хийдэд элдэв зүй бус үйлдлийг үйлдэх 10. Хэтэрхий шуналтай байх, зүй бусаар ашиг хонжоо хайх 11. Дээрэм тонуул хийх 12. Согтууруулах ундаа хэрэглэх зэрэг болно. З гол шашны үзэл ийм байна.     
         Дүгнэвэл: шашин бол тухайн ард түмний ёс суртахууны төдийгүй нийт оюуны амьдралд улмаар нийгмийн нийт амьдралд онцгой нөлөө үзүүлж байдаг.
Монголчуудын уламжлалт ёс суртахууны үзэл: Нийгмийн түүхийн өөр өөр үед ёс суртахуун өвөрмөц онцлогтой байсан. Аль ч үед хамаарах ёс суртахууны зарим нийтлэг зарчим байсан. Үүнд: эе эвийг хичээх, эцэг эх өвөг дээдсээ хүндлэх ёс, нэр төрөө эрхэмлэх, үнэнч сэтгэл, төрөө дээдлэх үзэл, баатарлаг байх, мэргэн сэцнийг бахархах, ахмадыг хүндэлж дүүмлийг асрах, өнчин ядуусыг тэтгэх зэрэг дээдэлдэг үнэлэмж байж.
Баруун европын сэргэн мандлын үеийн философи дахь ёс зүйн үзлүүд:
Энэ үеийн үзэл гуманизмд үндэслэдэг. Сэргэн мандлын үеийн ёс суртахууны үзлүүд нь христос шашны ёс зүйн үзлүүдэд шүүмжлэлтэй ханддаг. Хүн өөрийгөө даяанчлалаас биш, харин баясал, таашаал авах хоёроос илрүүлдэг. Даяанчлал нь зөвхөн бурхан тэнгэрийг хайрлахад л зориулагддаг. Гэтэл бодгаль хүн оюуны болоод биеийн баясал эдлэх ёстой гэж үзсэн. Христос шашин нь хүнийг хүлцэнгүй, идэвхгүй болгодог гэсэн.
Шинэ үеийн ёс зүйн сургаалууд: энэ үеийн европын том философичид бараг бүгд ёс зүйн онолын боловсруулалтанд хувь нэмрээ оруулсан. Томас Гоббс: хүн өөрийнхөө эгоист \зөвхөн өөрйгөө бодогч\ эрмэлзлийг хязгаарлах ёстой. Түүнийг даван туулахад төр хэрэгтэй гэж үзсэн. Бенедикт Спиноз: “Эрх чөлөө бол ухамсарлагдсан зайлшгүй мөн” гэсэн. Тэрээр буян, нүгэл, сайн, сайн үйл, муу, баялаг гэх мэт ёс зүйн зарим категорийн тодорхойлолт боловсруулсан. Францын К.Гельвеций, английн И.Бентам, америкийн Б.Франклин нар: сайн үйл нь бодгаль ашиг тусад үндэслэж, ашиг тусаар хэмжигддаг гэсэн. Үүнийг Жан Жак Руссо үл зөвшөөрсөн. Зан суртахуун оюун ухаанаар биш харин мэдрэмжээр төрж илэрдэг гэсэн. И.Кантын ёс зүй бол үүргийн тухай ёс зүй мөн. Гегель бол ёс суртахуун \мораль\, зан суртахуун хоёрын ялгааны тухай ярьсан. Л.Фейербах материализмийн үүднээс Кант Гегель нарын ёс зүйн сургаалийг шүүмжилж, ёс зүйг эвдемонизмийн \жаргал\ үндсэн дээр боловсруулснаараа онцлог юм. Түүний үзлээр хүмүүсийн гол эрмэлзэл нь жаргалын төлөө байдаг нь хууль, ёс суртахуун хоёрын аль алины үүднээс зүй ёсны байдаг.
Марксист-ленинист ёс зүй: Агуулгын хувьд XIX зууны сүүлийн хагаст сонгодог философийн диалектик материалист чиглэлийн бүрэлдэхүүн болдог, харин нийгмийн зориулалт, практик хэрэгжилт, нийгмийн үр дагавар нь ХХ зуунд түүгээр зогсохгүй одоо ч үргэлжилсээр буй ёс зүйн сургаалууд байдаг. Энэ бол М-Л-ёс зүй мөн. Үүний ёс зүйн зарим гол үндэслэл нь: эрх баригч намын бодлого шийдвэрт үнэнч байх, найрамдалд үнэнч байх, ажилчин ангийн эрх ашиг, түүний төрийн үйл хэрэгт захирагдах, нийгмийн эрх ашгийг бодгалийхаас дээгүүр тавин, зөвхөн нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх, сүсэггүй байх,  хувьсгал соц-ком-ийн эрх ашигт нийцэх...
Орчин үеийн ёс зүйн зарим гол баримтлал
Либерализм ба либератарианизм \неолиберализм\: Эрх чөлөөний үзэл бол либерализмын ёс суртахууны үндэс мөн. Ийм үзлийн үүднээс амьдрах, үг хэлэх, шүтэн бишрэх, хөдөлмөрөөрөө олж авсан өмчтэй байх зэрэг хүний эрхийг дээдэлж, иргэн бүр хуулийн өмнө болон бололцооны хувьд тэгш байх, бүх нийтийн сонгуулийн тогтолцооны төлөө зэрэг ёс суртахууны шаардлагын утга бүхий зарчмуудыг дэвшүүлж ирсэн. 1960, 1970-аад оноос хойш неолиберализмийн үзэл үүсэн дэлгэрсэн. Энэ нь хүний эрх чөлөөг дээдлэх, төрийн эрх мэдлийг аль болох доод хэмжээнд байлгах, хууль эрх зүйн чадамжийнх нь үүднээс хандвал ардчилал бол өөрийгөө шүүмжлэхийг тэвчих үндсийг бүрдүүлдэг ч дарангуйллыг өвөрмөцөөр тогтоох эрсдэлтэй байдаг учир нэн болгоомжтой хандах хэрэгтэй гэдэг.
Консерватив ёс суртахууны үзэл: Хүн гэмт мөн чанартай тул түүний оршихуй нь нүгэл зовлон хоёроос салдаггүй. Тиймээс эрх баригчид хүн амынхаа нүгэл зовлон 2-ыг багасгахын төлөө, тэдгээрийн уршгийг аль болох арилгахын төлөө байх ёстой. Нийгэм бол бодь хүнээс дээгүүр байх ёстой гэдэг.
Социаль демократ ёс суртахууны үзэл: энэ үзэлд эрх чөлөө, шударга ёс, тэгш ёс, эв нэгдэл зэрэг ёс суртахууны чиг баримжаа ноёрхож байдаг. Социаль демократ үзэл суртал өөрийгөө либерализм консерватив үзлүүдээс ялгаатайг үндэслэхдээ тэдгээр нь шударга ёс, эв нэгдэл 2-ыг гаргуунд гаргаж байж хувийн эрх чөлөөг чухалчилдаг хэмээн сурталчилдаг. Бас коммунист үзэл суртлын алдаа нь эрх чөлөөг орхигдуулан тэгш ёс ба эв нэгдлийн тухай ярьдаг гэж шүүмжилдэг. Ёс зүйн зарим чиглэлийн агуулгыг үзье:
Волюнтарист ёс зүй: Анхны гол төлөөлөгч Артур Шопенгауэр: Хүн жаргаж чаддаггүй. Хүний хүсэл эрмэлзэл хангагддаггүйгээсээ болоод хүн хүслээсээ татгалзахгүй байгаа нөхцөлдөө зан суртахуунлаг байж чаддаггүй. Хүсэл хангагдлаа ч тэр нь түр зуур байж түүнд эцэс төгсгөл байдаггүй. Эрх чөлөө эдэлье гэвэл хүсэл дураа тас цохих ёстой. Эрх чөлөөг эдлэх авир үйлдлийн жишээ бол христос шашны гэгээнтнүүд, Энэтхэгийн нирваанд хүрсэн даяанч нар мөн гэсэн. Германы фил. Ф.Ницше ёс зүйн нигилизм буюу аморализмын төлөөлөгч. \Аморализ – ёс суртахууныг үгүйсгэгч\ Ницше шинэ ёс сурахууны сургаал боловсруулсан. Ницше ёс суртахуун \мораль moral\, зан суртахуун \нравственность- morality\  2 ойлголтыг зааглан үзсэн. Ницше зан суртахууныг номлогч. Хувьслын үзэлт ёс зүй \эволюционист\  Герберт Спенсер үндэслэгч нь. Амьдралын алтан дүрэм нь “Нийгмийн нөхцлөөр тодорхойлогдож буй хүрээнд хувийн жаргалаа мөрдөх” үэдэү зарчим мөн. Францын Тейяр де Шарден гол төлөөлөгч. Тэр: Христос шашны эрхэм дээд эрмэлзэл нь хүлцэнгүй байх ёс биш, бүтээлч хөдөлмөр, гайтай тэмцэх зэрэг байх ёстой гэсэн.
Аналитик ёс зүй: Энэ нь философи арга зүйн чиглэлүүдийн хүрээнд үүссэн. Логик, хэл шинжлэл, философийн үндсэн агуулга нь ёс суртахууны хэллэгүүдийн хэлний янз бүрийн хэлбэрт шүүмжлэлт анализ хийсэн үр дүн байдаг. Д.Мур: ёс суртахууны категориуд нь оюун ухааны бүтээл биш, тодорхой утгын оноолт бүхий жич жич хэллэг мөн гэсэн.
Прагматизмын ёс зүй:  тэд ёс зүйн салбарт 2 үндсэн зарчим боловсруулсан. 1- сайн бол ямар нэг хэрэгцээг хангадаг зүйл мөн. 2- ёс суртахууны аливаа нөхцөл үл давтагддаг тул тухайн нөхцөл бүхэн өөр өөр шийдвэр шаарддаг.
Экзистенциалист ёс зүй: Гол төлөөлөгч нь германы С.Кьеркегор: Христос шашны бишрэл бол хүний дотоод ертөнц гадаад ер бусын хүч хоёрын зааг дээр үүсдэг. Иймд энэ бишрэл бол парадокс \гаж зүйл\ мөн. Иймр бодгаль нь эвдрэлд ордог гэсэн. Атеист экзистенциализмын ёс зүйн үзлийн гол төлөөлөгч бол Францын Ж.П.Сартр. Тэр: Хүн ямар байх вэ гэдгээ өөрөөсөө өөрөө бүтээдэг гэсэн.
Фрейдист, неофрейдист ёс зүй: Фрейд бие хүний үйлдлийг ухамсаргүй сэтгэл нь тодорхойлдог, харин ёс суртахууны үндэс нь ухамсар мөн гэж тайлбарлажээ.
Ёс зүйн категориуд: сайн ба муу, жаргал, баялаг, сайн үйл, амьдралын утга учир, чин эрмэлзэл, үүрэг, алба, эрх чөлөө, хариуцлага, хэрсүү сэтгэл, ичих сэтгэл, гэмшил, нэр хүнд, нэр сүр, нэр төр, үнэ хүнд, шударга ёсзэрэг олон категориуд байна.
Хавсарга ёс зүй:
Хүн төрөлхтний амьдрал дахь эерэг, сөрөг өөрчлөлт нь орчин үед хавсарга ёс зүй гэдэг нэр бүхий шинэ салбар бий болоход хүрсэн. Маргаантай, нээлттэй асуудлууд олон байдаг. Ёс зүйн нээлттэй асуудал бол ёс суртахуун зөрчигддөг янз бүрийн дүрэм биш. Амиа хорлох, үр хөндөх, ижил хүйстнүүд, олон эхнэр нөхөр, нас барсан хүний эрхтэнг ашиглах, буу зэвсэг чөлөөтэй худалдах, өөрийгөө шүтэх \эгоизм\...маш олон нээлттэй асуудлууд байна. Хавсарга ёс зүй бол бодит хүн, бичил бүлэг зэрэг хүн амын явцуу хэсгийн аж төрөх ёс, үйл ажиллагаа, эрүүл мэнд, зарим нөхцөлд амь нас гэх мэттэй холбогдсон өвөрмөц эрх ашгийг шууд авч үздэг бөгөөд харин түүнийг яаж шийдвэрлэх нь хүн ам, улс орон, хүн төрөлхтөн зэрэг холбогдох өргөн нийтлэгийн ёс суртахууны үнэлэмж, ёс суртахууны хэм хэмжээнүүдийг гарцаагүй хөнддөг асуудлуудыг судалдаг салбар ёс зүй мөн.



No comments:

Post a Comment